Доорх өргөх тангараг, өчил бичиг юүгээ өөрийн хүчин сачий, ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү гэмээн оточ Апполон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуулсан охид дагнис хийгээд тэнгэр нар юугаа урин залж тэдний тольдогч мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртсэнээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай. Түүний орыг залгамжлагсадыг ахан дүүсээ гэмээн үзэж анагаахуй эрдэм юугаа тэднийг судлая гэмээн хүсвэл ямар ч харам шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасуу. Сургаал заамж, аман хичээл сургах бусад бүхнийг өөр хэн ч бус өөрийн болон багшийн хүвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу их өчил надтай тангаргийн барилдлагаат шавь нартаа сонсгож байсуу.
Би-бээр өвчтний ахуй дэглэмийг тэдэнд альваа хор хөнөөл шудрага бусын гэм хүргэхээс татгалзан өөрийн хүчин чадал ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний бус буянд чиглүүлсүгэй. Амь бүрэлгэх альваа хэрэглүүрийг би надаас гуйх хэнээ-бээр хэрхэвч үл өгсүү, тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэгч зам мөрийг хэнд ч үл заасуу. Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаасаа насан туршид гэм зэмгүй, ариунйй хөтлөн залсуу. Цулст нь чулуу тогтохуй өвчнээр эмнэлчидийг ямарч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.
Ямарч айлд орвол, альваа санаатай, шудрага бус хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр иргэн, боол хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс үсэд хол байж гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу. Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийг зарлан задлаж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон тэр мэтсийг хүний нууц хэмээн таг дуугүй өнгөрч байя.
Андгай тангараг юугаа эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийнх яруу алдар олдох болтугай.
Тангарагаас няцаж, худал хуурмаг андгайлагчидад үүний эсэргэн хүртэх болтугай.
Тайлбар: Энэхүү тангаргыг орос хэлнээс 1989 онд эрдэмтэн зохиолч агсан Ш. Гаадамба орчуулж профессор Г. Жамба хянан тохиолдуулж МАУ сэтгүүлийн мөн оны 2-рт нийтлүүлжээ.
No comments:
Post a Comment